Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.29/ тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга А.Нагашиматай уулзав.

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын төр, засаг, ард иргэд Монгол Улсын ардчилал, нийгэм, эдийн засгийн хөгжилд тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлж, хоёр улсын парламент хоорондын харилцаа, найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Мөн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны эргэлт, түүний дотор Монгол Улсаас Япон Улс руу чиглэсэн экспортын бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад ач холбогдол өгч байгааг тэмдэглэв. 
Мөн Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын нийгэмлэгүүдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр ярилцлаа.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы харилцааг хүн төвтэй “Энх тайван, хөгжил цэцэглэлийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хүргэхэд манай улсыг зүрх сэтгэлээрээ дэмжиж, хоёр улсын хүн хоорондын найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүтгэлээ зориулж ирсэн найрамдлын нийгэмлэгүүд жинтэй хувь нэмэр оруулж буйг дурдав.
Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал хоёр улсын харилцааг шинэ шатанд хүргэх чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.

