Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс нийслэлийн есөн дүүргийн 204 намын хорооны гишүүдэд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг Хүй долоон худагт зохион байгуулж байна.

Арга хэмжээнд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр, Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн, Намын байгуулалтын газрын дарга Г.Хэрлэнчулуун болон намын бусад удирдлагууд оролцов.

Арга хэмжээг нээж Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр үг хэлэхдээ:Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг нийт намын гишүүдэд хүргэж, Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын баяр наадмын мэндчилгээг уламжиллаа.

Тэрбээр Монгол Ардын Намын даргын дэвшүүлсэн бодлого, "Ардын нам-Ард түмэндээ" аяны үр дүн, Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, томоохон шинэчлэлийн талаар танилцуулж, сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн улс орны хөгжлийг дэмжих ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэв.

Мөн Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан Тэтгэврийн тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд шударга тэтгэврийн тогтолцоог бүрдүүлж, цаашид ч тогтвортой хөгжлийн бодлогоо тууштай хэрэгжүүлэн улс орны хөгжил дэвшлийг эрчимжүүлэхээ илэрхийллээ.

Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны гишүүдэд зориулсан Баяр наадмын хүндэтгэлийн арга хэмжээ долоодугаар сарын 8-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт үргэлжилнэ.








