Анхан шатны намын байгууллагын үйл ажиллагааг илүү үр дүнтэй, хүртээмжтэй болгох шаардлагатай

Админ

2026.06.24
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын намаас санаачлан орон даяар хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Булган аймгийн Сэлэнгэ суманд намын гишүүд, дэмжигчид болон иргэдийн төлөөлөлтэй хийх уулзалт, ярилцлагыг зохион байгуулав.

Арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, СДМЭХ-ны Хойд бүс хариуцсан нарийн бичгийн дарга О.Үүрийнтуяа, аймгийн Намын хорооны дэд дарга Т.Баярбат, сумын Засаг дарга А.Ганбагана, сумын ИТХ-ын дарга Х.Хүдэрчулуун нар оролцож, орон нутгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн зорилт, мал аж ахуй, боловсрол, эрүүл мэнд болон дэд бүтцийн чиглэлээр тулгамдаж буй асуудлуудын талаар иргэдийн санал бодлыг сонслоо.

Сэлэнгэ сумын иргэдийн зүгээс бэлчээрийн хүрэлцээ, түлээ түлшний асуудлыг хөндлөө. Бэлчээрийн даац хүрэлцэхгүй байгаа нь малчдын амьжиргаанд хүндрэл учруулж байна. Мөн сумын нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг тусгай хамгаалалттай бүсэд хамаардаг тул иргэд түлээний мод бэлтгэх боломж бага байгааг дурдлаа. Мөн гишүүдийн оролцоог нэмэгдүүлж, иргэдийн санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган, анхан шатны байгууллагын үйл ажиллагааг илүү үр дүнтэй, хүртээмжтэй болгох шаардлагатайг хэллээ.

Түүнчлэн Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 хөгжлийн бодлого, “Чөлөөлье” үндэсний санаачилга, намын үйл ажиллагааны шинэчлэлийг дэмжих зорилгоор нэвтрүүлж буй Enam 3.0 платформын талаар танилцуулж, шинэчлэлийн бодлого, зорилтыг гишүүд, дэмжигчдэд дэлгэрэнгүй мэдээлэв.