Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотын төлөвлөлтийг иргэдэд ил тод болгоно

Админ

2026.09.08
Үйл явдлын мэдээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.09.08/ болсон ахмадуудын уулзалтад оролцов.

Намын дэргэдэх Социал Демократ Ахмадын Холбооноос зохион байгуулдаг ээлжит уулзалтад СДАХ-ны нийслэлийн гишүүд, дэмжигчид оролцож, хотод тулгамдаад буй өнөөдрийн гол асуудал, түүнээс гарах бодлогын шийдлийн талаарх мэдээллийг хотын даргаас авлаа.

Хотынхонд тулгардаг гол асуудал нь утаа, түгжрэл, хүртээмжгүй зам, орчны бохирдол, төрийн үйлчилгээний хүнд суртал зэрэг бий. 

Улаанбаатарт өдөр тутамд тулгардаг түгжрэлийн шалтгаан нь нийтийн тээвэр, сургууль, автозам, дугуйн замын хүртээмжгүй байдалтай холбоотойг хотын дарга дурдав. 

Иймд багтаамж сайтай цахилгаан автобус 60, сургуулийн автобус 50, дунд багтаамжтай автобус 46 ширхгийг нийслэлийн нийтийн тээвэрт нэмэхээр болжээ.

Мөн сургууль, цэцэрлэг амраагүй үед түгжрэл нэмэгддэг тул хотод 84 сургуулийг нэмнэ. Ингэхдээ 33 сургуулийг Дэлхийн банк, 11-ийг нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шийдэх боломжтой болсон байна.

Онцолбол 8700 гаруй хүүхэд сургах боломжтой гэрт ойрхон сургууль буюу хотхоны 21 бага сургуулийг хотод барина. Засгийн газраас “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрт 50 тэрбум төгрөгийг 2026 оны төсвийн тодотголд төсөвлөсөн бөгөөд УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэг үргэлжилж байгаа юм.

Түүнчлэн нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахын тулд хувийн хэвшилтэй хамтран шинээр барих дугуйн зам, явган замын гүүрэн гарц, ухаалаг гэрлэн дохионы талаарх мэдээллийг ахмадуудад өгөв.

Мөн агаарын бохирдлыг бууруулах шийдлээс онцолбол 13 байршилд 30 цэнэглэгчтэй “Ногоон өртөө” ашиглалтад оруулсан. 2026 онд 80, 2027 онд 210 өртөө байгуулж, цахилгаан автомашиныг 2,000-аас 50,000-д хүргэхээр зорьжээ.

Төрийн хүртээмжийн тухайд МАН-ын дарга, Ерөнхий сайдын “Чөлөөлье” үндэсний санаачилга, процессын дахин инженерчлэлийг дурдаж, нээлттэй, шилэн, шинэ үеийн Улаанбаатар болж хяналт, хариуцлагыг дээшлүүлж хотын төлөвлөлтийг иргэддээ илүү ил тод болгоно гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцлов.

Ахмадуудын хувьд газар чөлөөлөлт, орон сууцжуулалт болон өдөр тутамдаа өөрт тулгардаг хотын асуудлуудаас хөндөж байлаа.

Уулзалтад Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцлоо.