Баянхонгорын Баян-Өндөр суманд малчдын орлого, хүний нөөц, авто замын асуудлыг хөндөн ярилцлаа

Админ

2026.06.24
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас улс орон даяар зохион байгуулж буй “Ардын нам-Ард түмэндээ” аян Баянхонгор аймагт үргэлжлэв.  Энэ удаад Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд ажиллаж, орон нутгийн намын гишүүд, дэмжигчид болон иргэдтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр иргэд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнэ буурч, хонины ноос, ямааны арьс, хонины нэхий зэрэг түүхий эд эдийн засгийн эргэлтэд бүрэн орж чадахгүй, хаягдаж буй асуудлыг хөндөн ярилцав. Эдгээр хоёрдогч түүхий эдийг боловсруулах үйлдвэртэй холбож, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох замаар малчдын орлогыг бодитоор нэмэгдүүлэх бодлого шаардлагатайг онцоллоо.

Мөн хот суурин газарт махны үнэ өндөр байгаа ч малчдын гар дээр очих орлого хангалттай нэмэгдэхгүй, малчид малаа өндөр үнээр борлуулж чаддаггүй нөхцөл байдал байгааг иргэд хэлж байв. Иймд мах, малын гаралтай бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалтын тогтолцоог сайжруулж, малчдад өгөөжтэй, хэрэглэгчдэд шударга үнэ бүрдэх бодлого хэрэгтэйг илэрхийллээ.

Түүнчлэн хөдөө, орон нутагт хүний нөөцийн дутагдал тулгамдсан асуудал хэвээр байгааг иргэд хөндөж, залуучуудыг орон нутагтаа ажиллаж, амьдрах нөхцөлөөр хангах, орон сууцжуулалтын асуудлыг шийдвэрлэх, залуу малчдыг дэмжих, урамшуулах бодлогыг эрчимжүүлэх шаардлагатайг санал болголоо.

Иргэдийн зүгээс монголчууд нутагтаа эзэн байж, хөдөө орон нутагтаа тархан суурьших, амьдрах боломж нөхцөлийг нэмэгдүүлэх нь улс орны аюулгүй байдал, орон нутгийн тогтвортой хөгжилд чухал болохыг мөн онцлон ярив.

Мөн Баян-Өндөр сумын иргэд авто зам, дэд бүтцийн асуудлыг хөндөж, сумдыг аймаг, бүс, улсын чанартай авто замын сүлжээтэй холбох нь орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралын чанар, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэх боломжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтойг хэллээ.

Ажлын хэсгийн гишүүд иргэдийн санал, хүсэлтийг анхааралтай сонсож, мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, хүний нөөц, орон сууц, залуу малчдын дэмжлэг болон авто замын асуудлыг бодлого, шийдвэрийн түвшинд уламжлан ажиллахаа илэрхийллээ.