Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс Хүй долоон худагт зохион байгуулж буй баяр наадмын хүндэтгэлийн арга хэмжээ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Энэ удаад нийслэлийн Баянзүрх дүүргийн МАН-ын 17 мянга гаруй гишүүн, дэмжигчдийн төлөөллийг хүндэтгэн хүлээн авч байгаа юм.

Өнөөдрийн арга хэмжээнд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан, Ерөнхий сайдын Нийслэл хариуцсан зөвлөх А.Баяр, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, тус дүүргийн ИТХ-ын дарга Ч.Мэндсайхан нарын төлөөлөл оролцож байна.

Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан уулзалтыг нээж үг хэлэхдээ намын дарга Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлан, амжилттай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар товч дурдлаа.

Хүн ам олонтой, тэр хэмжээгээр гэр хороолол ихтэй Баянзүрх дүүргийн хувьд орон сууцжуулах зорилго бүхий хоёр ч хуулийн төслийг Засгийн газар дэмжсэн, салбар хариуцсан сайдын хувьд удахгүй батлагдана гэсэн хүлээлт өндөр байгаагаа дуулгалаа.

Мөн Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Баянзүрх дүүргийн намын гишүүдэд баяр наадмын мэндчилгээ хүргэж үг хэлэв.











