Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Боловсрол, шинжлэх ухааны бодлогын хорооны ес дэх удаагийн нэгдсэн хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.07.06/ боллоо.

Энэ удаагийн хуралд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл оролцож намын даргын дэвшүүлсэн E4 стратегийг хэрэгжүүлэх зорилгоор Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын 11 хороо идэвхтэй ажиллаж буйг тодотгов.

Мөн намын мөрийн хөтөлбөрт тусгасан боловсрол, шинжлэх ухааны салбарын арга хэмжээнүүд, зорилго, зорилтын хэрэгжилтийг үнэлэх, төр засагтай хамтрах, нөгөө талаар шахаж шаардаж ажиллах зорилгоор байгуулагдсан тус бодлогын хороо дотроо таван дэд хорооны бүрэлдэхүүнтэй ажиллаж байгааг Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл хэллээ.
Тус бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах болон хорооны бүрэлдэхүүнд ажилладаг УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, Г.Лувсанжамц, боловсрол, шинжлэх ухааны салбарын удирдах албаны хүмүүс, мэргэжилтнүүд, судлаач, эрдэмтэд, намын дэргэдэх холбоодын төлөөлөл оролцсон юм.

Энэ удаагийн бодлогын хорооны нэгдсэн хуралд боловсрол, шинжлэх ухааны салбарт чиглэсэн намын мөрийн хөтөлбөрийн зүйл заалтын хэрэгжилтийг салбарын яамнаас танилцуулж нээлттэй санал, шүүмж өрнүүлэв.

Мөн салбарын цаг үеийн асуудал болох 2026 оны элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, үнэлгээний аргачлал, энэ тал дээр цаашид анхаарах зүйл, багш, сургуулийн хүртээмж, хэрэгцээ шаардлага зэргийг хөндөн ярилцлаа.








