Гишүүдийн оролцоог нэмэгдүүлсэн ENAM 3.0 платформыг Чулуут сумын иргэд онцоллоо

Админ

2026.07.02
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас орон даяар хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Архангай аймгийн Чулуут суманд намын гишүүд, дэмжигчид болон иргэдтэй уулзалт хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Архангай аймгийн Засаг даргын орлогч Ч.Батнайрамдал нар ахлан зохион байгуулав.

Уулзалтаар эрчим хүчний найдвартай хангамж, орон нутгийн хөгжил, мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийн орчин, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх боломж зэрэг цаг үеийн асуудлаар иргэдтэй санал солилцож, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.

Чулуут сумын иргэн П.Ганзориг “Манай сумын эрчим хүчний дэд бүтцийг шинэчилж, хүчдэлийн хэлбэлзэл, цахилгааны тасалдлыг бууруулах шаардлага бий. Найдвартай эрчим хүчний хангамж сайжирснаар айл өрхийн амьдралын чанар дээшлэхээс гадна жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх боломж улам нэмэгдэнэ гэж бодож байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Мөн тус сумын иргэн С.Энхтуяа “E-NAM платформыг ашигласнаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаарх мэдээллийг шуурхай авч, өөрийн санал, хүсэлтээ цаг алдалгүй хүргэх боломжтой болсон. Иргэдийн дуу хоолойг сонсож, бодлого боловсруулахад энэ платформ чухал үүрэгтэй гэж үздэг” хэмээн онцоллоо.

Уулзалтын үеэр иргэд эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, орон нутагт бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байгааг мөн онцлон хэлж байв.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг эрчим хүчний найдвартай хангамж нь бүс нутгийн хөгжил, хөрөнгө оруулалт, иргэдийн амьдралын чанар, бизнесийн өсөлтийн чухал суурь болохыг онцолж, уулзалтын үеэр иргэдээс гарсан санал, хүсэлтийг холбогдох байгууллагуудад уламжлан ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд эрчим хүчний дэд бүтцийг үе шаттай шинэчлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогын талаар иргэдэд дэлгэрэнгүй танилцууллаа.