Дэрэн сумын иргэдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдсан асуудлыг хэлэлцлээ

Админ

2026.06.27
Үйл явдлын мэдээ

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд УИХ-ын гишүүн Д.Ганмаагаар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймгийн Дэрэн суманд ажиллалаа. Ажлын хэсэг Дэрэн сумын иргэд, намын гишүүд, дэмжигчидтэй уулзан санал хүсэлтийг сонсож, тулгамдсан асуудлуудаар хэлэлцэв.

Мөн уулзалтад УИХ-ын гишүүний зөвлөх С.Болд, Б.Билгүүн, Хяналтын ерөнхий хорооны хянан шалгагч Ж.Баярмаа, Улс төрийн манлайллын академийн сургалт хариуцсан мэргэжилтэн П.Нинжин, Социал Демократ Монголын Залуучуудын холбооны Бага хурлын гишүүн Б.Мөнхтөр нар оролцлоо.

Уулзалтын үеэр Монгол Ардын намын үйл ажиллагаа, Улсын Их Хурал болон Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, төсөл арга хэмжээ, мөн Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл, танилцуулга хүргэв.

Иргэд, намын гишүүд орон нутгийн хөгжлийн асуудал, боловсролын чанар, багшийн хүртээмж, сумын эрүүл мэндийн төвийн байрны халаалтын асуудал зэрэг тулгамдсан асуудлаар санал хүсэлтээ илэрхийлж, тэдгээрийг шийдвэрлэх боломжит гарц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нээлттэй санал солилцлоо.

Мөн энэ үеэр Цэргийн төв госпиталийн дотрын, хүүхдийн, эмэгтэйчүүдийн эмч нар, холбогдох албаны төлөөлөл оролцож, иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, оношилгоо хийлээ.

Ажлын хэсгийнхэн Дэрэн сумын намын ахмад гишүүд болох 1-р багийн өндөр настан Амаржаргал, 3-р багийн өндөр настан Лхамсүрэн, 4-р багийн өндөр настан, ахмад багш Догсмаа нартай уулзан Монгол Ардын намын даргын мэндчилгээг уламжилж, тэдний ажил, амьдралын арвин туршлага, орон нутгийн хөгжил, намын үйл ажиллагаатай холбоотой санал зөвлөмжийг нь сонсож, ярилцав. 

Иргэд, намын гишүүдийн дуу хоолойг сонсож, бодит хэрэгцээ шаардлагад тулгуурласан шийдвэр гаргах нь “Ардын нам-Ард түмэндээ” аяны гол зорилго юм.