Эмэгтэйчүүдийн шатрын анхдугаар блиц тэмцээн боллоо

Админ

2026.06.24
Үйл явдлын мэдээ

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны дэргэдэх “Оюуны нүүдэл” сонирхлын клубээс эмэгтэйчүүдийн дунд анх удаа зохион байгуулж буй “Эмэгтэйчүүдийн анхдугаар шатрын блиц тэмцээн-2026” Тусгаар тогтнолын ордонд /2026.06.24/ боллоо. 

Тэмцээнийг нээж СДМЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа болон Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Амгалан нар үг хэллээ. 

Эмэгтэйчүүдийг энэ спортоор дамжуулан нэгтгэх, нөхөрлөлийг бэхжүүлэх, оюуны хөгжлийг дэмжих, стратегийн сэтгэлгээ болон шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх зорилготой уг тэмцээнд нийт 60 гаруй тоглогч оролцсоны 20 нь спортын мастераас дээш зэрэг цолтой шатарчид байв.

Тоглогчдын дунд олон улсын хэмжээний мастер (ОУХМ) цолтой долоо, дэлхийн 20 хүртэлх насныхны ангилалд шилдэг 100-д эрэмбэлэгддэг Монголын залуу тамирчдын нэг болох WIM мастер Б.Амин-Эрдэнэ болон WIM мастер Э.Энхрий нар тоглосноос гадна ахмадын ДАШТ-ий хоршоо аваргууд болох ОУ-ын мастер Д.Сэржмядаг тэргүүтэй тамирчид багаараа өрсөлдлөө.

Шатар сонирхогч эмэгтэйчүүдийн оюунаа сорьсон энэ тэмцээний дүн гарч, СДМЭХ-ны Ерөнхий Нарийн бичгийн дарга У.Өнөрцэцэг, СДМЭХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, “Оюуны нүүдэл сонирхлын клуб”-ийн тэргүүн Б.Баярцэцэг, “Оюуны нүүдэл” сонирхлын клубийг үүсгэн байгуулагч, ОУ-ын шатрын шүүгч, спортын дэд мастер, дасгалжуулагч Х.Нямтэмүүлэн нар шагналыг гардуулан өглөө.

Үндсэн ангиллын 1-р байрыг /ОУХМ/ Н.Энхболор, 2-р байрыг /ОУХМ/ Б.Хүслэнзаяа, 3-р байрыг спортын мастер Д.Хонгорзул нар эзэлсэн бол ахмад настны ангилалд Г.Баярмаа, Д.Соёлмаа, М.Хишигбаяр нар тэргүүллээ. Харин 1600 хүртэлх чансаанд Т.Ариунзаяа, Б.Хандсүрэн, Х.Тэгшмаа нар эхний байруудыг эзлэв. Мөн шилдэг тоглогч одонтой ээжээр Ц.Одонтуул, чансаагүй зэрэглэлийн шилдгээр Ө.Хонгорзул нар шалгарсан юм.

“Оюуны нүүдэл” сонирхлын клуб нь эмэгтэйчүүдийн оюуны хөгжил, манлайлал, стратегийн сэтгэлгээ, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа энэхүү тэмцээнийг цаашид уламжлал болгон явуулж, эмэгтэйчүүдийн дунд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, оюуны спортын оролцоог нэмэгдүүлэх, шинэ үеийн тоглогчдыг дэмжихэд чиглэн ажиллана гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.