Enam 3.0: Гишүүд, дэмжигчдийн оролцоог нэмэгдүүлнэ

Админ

2026.06.25
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Улсын Их Хурлын гишүүн, Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга Ч.Ундрамаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд энэ сарын 22-нд ажиллаж, намын гишүүд, дэмжигчид болон иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монгол Ардын намын Бага хурлын гишүүн Б.Ганзориг, Аймгийн МАН-ын хорооны Тэргүүлэгч С.Чойсүрэн, МАН-ын Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн улс төрийн ажилтан Т.Батзаяа болон холбогдох албаны төлөөлөл багтан ажиллав.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам Монгол Ардын Намын бодлого, үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж буй хууль тогтоомжууд, Засгийн газрын хэрэгжүүлж буй томоохон төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл өгч, иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

Мөн Монгол Ардын намаас хэрэгжүүлж буй “Гишүүн төвтэй Е4 стратеги”, “Цахим нам 3.0” зэрэг шинэчлэлийн хөтөлбөрүүдийг танилцуулж, намын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дотоод ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр санал асуулга, судалгаа авч, сургалт хэлэлцүүлэг зохион байгуулав.

Аяны хүрээнд намын ахмад гишүүдэд хүндэтгэл үзүүлж, Монгол Ардын намын дарга Н.Учралын мэндчилгээг уламжлан, тэдний санал бодол, зөвлөмжийг сонссон юм.

Уулзалтад оролцсон иргэд, намын гишүүд амьжиргааны нөхцөл, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудын талаар санал хүсэлтээ идэвхтэй илэрхийллээ. Тухайлбал, тэтгэврийн хэмжээ ахмад настнуудын амьдралын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа тул тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай байгааг онцлов.

Мөн хууль бус уул уурхайн үйл ажиллагаанд хатуу хяналт тавих, иргэдийн татварын ачааллыг бууруулах, намын залуучуудын оролцоо, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх чиглэлээр бодитой арга хэмжээ авах шаардлагатай талаар саналаа уламжилсан байна.