Монгол Ардын Намын удирдах ажилтны Төв болон Хойд бүсийн зөвлөгөөн Орхон аймагт үргэлжилж байна. Зөвлөгөөнд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар оролцож, намын гишүүдийн санал, шүүмжлэлийг сонсон, асуултад хариуллаа.

Зөвлөгөөний үеэр Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хөвсгөл, Булган, Орхон аймгийн намын хорооны удирдах ажилтнууд намын дотоод эв нэгдлийг бэхжүүлж, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо. Тэд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг 50 хувиас дээш түвшинд хүргэж, өгсөн амлалтаа бодит үр дүнд хүргэхэд бүх шатны байгууллага хариуцлагатай ажиллах ёстойг сануулсан юм.

Түүнчлэн намын дотоод соёлыг төлөвшүүлж, намын нэрээр сонгогдсон УИХ-ын гишүүд болон өндөр албан тушаалтнууд ёс зүйтэй, хариуцлагатай ажиллах шаардлагатайг тэмдэглэлээ. УИХ-ын 68 гишүүний дунд талцал, хуваагдал байгаа бол асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж, эв нэгдлийг хангахыг уриалав. Учир нь дотоод зөрчил, үл ойлголцол нь намын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, олон нийтийн итгэл, дэмжлэгийг бууруулах эрсдэлтэйг шүүмжиллээ.

Мөн бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилт, бодит үр дүнгийн талаар намын удирдлагуудаас тодруулж, орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого, шийдвэрүүд иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг илүү тодорхой харуулах шаардлагатайг хөндлөө.







