Гишүүдийн дуу хоолойг нэгтгэж, баруун бүсийн хөгжлийн зорилтыг тодорхойлсон зөвлөгөөн боллоо

Админ

2026.10.17
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын Удирдах ажилтны “Баруун бүсийн зөвлөгөөн” өнөөдөр /2026.10.17/ Ховд аймагт амжилттай зохион байгуулагдаж, намын шинэчлэл, гишүүн төвтэй бодлого, бүс нутгийн хөгжил, төрийн болон нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах асуудлаар санал солилцлоо.

Зөвлөгөөнд Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, намын удирдлагууд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, баруун бүсийн аймгуудын намын хорооны дарга, удирдах ажилтнууд зэрэг 800 гаруй төлөөлөл оролцов.

Зөвлөгөөнийг МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээж, намын 31 дүгээр Их хурлаас дэвшүүлсэн зорилт, намын шинэчлэл, гишүүн төвтэй намыг төлөвшүүлэх бодлого болон эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Тэрбээр цаашид Монгол Ардын Нам ард иргэдийнхээ дунд ажиллаж, гишүүд, дэмжигчдийнхээ санал бодлыг сонсон, тэдэнтэй эргэх холбоотой, энгийн даруу байдлаар ажиллахын чухлыг онцолсон юм.

Монгол Ардын Нам 300 мянга гаруй гишүүн, дэмжигчтэй бөгөөд гишүүд, идэвхтэн сонгуультнууд нь намын үйл ажиллагааны гол үнэт зүйл гэдгийг тэмдэглэв. Иймд гишүүдийн оролцоо, идэвх санаачилгыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хамтын шийдвэрийг хүндэтгэн хэрэгжүүлэх ардчилсан зарчмыг бүх шатанд хэвшүүлэх шаардлагатайг онцоллоо.

Үргэлжлүүлэн МАН-ын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг намын 31 дүгээр Их хурлаас хойш хэрэгжүүлсэн ажлын тайланг танилцуулж, намын шинэчлэл, бодлогын хэрэгжилт, анхан шатны байгууллагуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Намын дэргэд 11 бодлогын хороо байгуулж, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх, холбогдох зөвлөмж боловсруулах, бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг онцоллоо.

Зөвлөгөөний үеэр Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс аймгийн намын хорооны дарга нар орон нутгийн нөхцөл байдал, намын үйл ажиллагаа, гишүүдийн оролцоо, хүний нөөцийн бодлого болон бүс нутгийн хөгжлийн зорилтын талаар танилцуулга хийв. Тэд анхан шатны байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, залуу үеийн залгамж халааг бэлтгэх, ахмад үеийн туршлагад тулгуурлан ажиллах, гишүүдийн эв нэгдэл, идэвх оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хөндөж байлаа.

Мөн гишүүдтэйгээ тогтмол уулзаж, санал хүсэлтийг нь сонсох, намын дэргэдэх байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, орон нутгийн хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсронгуй болгох шаардлагатайг тэмдэглэв. Бүс нутгийн хөгжлийн хүрээнд дэд бүтэц, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, газар ашиглалт болон төрийн үйлчилгээний хүртээмжтэй холбоотой асуудлуудыг ч хөндөн хэлэлцлээ.

Зөвлөгөөний хүрээнд намын гишүүнчлэл, хүний нөөц, манлайлал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, инновац, бүтээмж, бүс нутгийн хөгжил, нийгмийн болон төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах асуудлаар таван сэдвийн хүрээнд салбар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

“Гишүүн төвтэй нам – Е4 стратеги” хэлэлцүүлгээр намын гишүүнчлэлийн бүтэц, хүний нөөц, манлайллын хөгжлийг хэлэлцэж, гишүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, намын дотоод үйл ажиллагааг боловсронгуй болгох санал дэвшүүлэв.

“Эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээ” хэлэлцүүлгээр баруун бүсийн хүн амын хэрэгцээ, орон нутгийн онцлогт нийцсэн бодлого боловсруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах боломж, шийдлүүдийг хэлэлцлээ.

“Инновац, бүтээмжийг нэмэгдүүлэх нь” хэлэлцүүлгээр “Чөлөөлье: Хүнд суртлаас боломж руу” сэдвийн хүрээнд төрийн ажил, үйлчилгээг хялбаршуулах, инновац нэвтрүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов.

“Бүс нутгийн хөгжил” хэлэлцүүлгээр баруун бүсийн нөөц, боломжийг үр ашигтай ашиглах, аймаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүсчилсэн хөгжлийг дэмжих бодлого, шийдлүүдийг хөндлөө.

“Хүртээмжийг сайжруулах нь” хэлэлцүүлгээр иргэдийн нийгмийн болон төрийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, нийгмийн амьдралд тэгш оролцох нөхцөлийг бүрдүүлэх асуудлаар санал, санаачилга дэвшүүлэв.

Салбар хэлэлцүүлгүүдийн үр дүнд гарсан саналуудыг нэгтгэн, зөвлөгөөний нэгдсэн хуралдаанд танилцуулж, цаашид хэрэгжүүлэх чиглэл, зөвлөмжийг тодорхойллоо.

Зөвлөгөөний үеэр намын удирдлага, орон нутгийн төлөөллүүдийн оролцоотой асуулт, хариултын хэсэг зохион байгуулагдаж, бүс нутгийн хөгжил, иргэдийн хэрэгцээ, тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх бодлого, шийдлийн талаар нээлттэй санал солилцов.

Монгол Ардын Намын Удирдах ажилтны “Баруун бүсийн зөвлөгөөн” нь намын байгууллагуудын үйл ажиллагааг дүгнэхээс гадна орон нутгийн бодит нөхцөл байдал, иргэдийн санал хүсэлт, бүс нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг хэлэлцэж, цаашдын үйл ажиллагааг уялдуулах ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Зөвлөгөөний гол зорилго нь намын анхан шатны нэгж болох сум, багт ажиллаж буй гишүүдийн дуу хоолой, санал хүсэлтийг шийдвэр гаргах түвшинд хүргэх, намын шинэчлэлийг гишүүдийн оролцоо, бодлогын хэрэгжилт, орон нутгийн хөгжлийн зорилттой уялдуулахад чиглэж байв.

Ийнхүү Монгол Ардын Намын Удирдах ажилтны “Баруун бүсийн зөвлөгөөн” амжилттай болж өндөрлөлөө.