Хан-Уул дүүргийн Монгол Ардын Намын хорооны 500 гишүүнд хүндэтгэл үзүүллээ

Админ

2026.07.12
Үйл явдлын мэдээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс нийслэлийн есөн дүүргийн 204 намын хорооны гишүүдэд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг Хүй долоон худагт тав дахь өдрөө зохион байгуулж байна.

Өнөөдөр тус арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Монгол Ардын Намын хорооны 500 гишүүнийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Арга хэмжээнд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр, НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр, Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн, Намын байгуулалтын газрын дарга Г.Хэрлэнчулуун болон намын бусад удирдлагууд оролцов.

Арга хэмжээг нээж Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр үг хэлэхдээ: Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг нийт намын гишүүдэд дэвшүүлж, Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын баяр наадмын мэндчилгээг уламжиллаа.

Тэрбээр Монгол Ардын Намын даргын дэвшүүлсэн бодлого, "Ардын нам-Ард түмэндээ" аяны үр дүн, Улсын Их Хурал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, томоохон шинэчлэлийн талаар танилцуулж, сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн улс орны хөгжлийг дэмжих ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байгааг онцоллоо.

Мөн тэрбээр Монгол Ардын Намыг гишүүддээ түшиглэсэн улс төрийн хүчин болохыг онцолж, "Монгол Ардын Намыг модтой зүйрлэвэл үндэс нь гишүүд та бүхэн юм" хэмээн онцлон тэмдэглэв.

Түүнчлэн Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлаар намын дарга Н.Учрал Ардын нам ард түмэндээ эргэж ирнэ мэдэгдсэн. Энэ хүрээнд намын Удирдах Зөвлөлөөс санаачилсан "Ардын нам-Ард түмэндээ" аяныг улс орон даяар өрнүүлж, 19 аймаг, 246 суманд ажиллаж, 23 мянга гаруй намын гишүүнтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсныг дурдлаа.

Тэрбээр өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн бодлого, үр дүнгээс дурдвал:

  • Улсын эдийн засгийн хэмжээг сүүлийн арван жилийн хугацаанд гурав дахин өсгөсөн;
  • Улсын хэмжээнд 11 мянган километр авто замын сүлжээ байгуулсан;
  • Эрчим хүчний салбарын хүчин чадлыг 700 МВт-аар нэмэгдүүлсэн;
  • Газрын тос боловсруулах үйлдвэр болон байгалийн хийн хоолойн төслүүдийг хэрэгжүүлнэ

Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан Тэтгэврийн тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд шударга тэтгэврийн тогтолцоог бүрдүүлсэн талаар онцлон танилцууллаа.

Мөн цаашид Монгол Ардын Нам бодлогын залгамж чанараа хадгалж, улс орны хөгжлийг эрчимжүүлэх шинэчлэлийн ажлуудыг тогтвортой үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ илэрхийллээ.

Арга хэмжээний үеэр Нийслэлийн Хан-Уул дүүргийн Монгол Ардын Намын хорооны нэр бүхий гишүүдэд Төрийн дээд одон, медаль, салбарын болон Монгол Ардын Намын шагналыг гардуулж, намын үйл хэрэг, улс орны хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, идэвх зүтгэлийг нь үнэлэн урамшууллаа.