Хатанбулаг сумын иргэд дотуур байрны асуудлыг шийдвэрлэхийг хүслээ

Админ

2026.06.28
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн ажлын албанаас орон даяар хэрэгжүүлж буй "Ардын нам-Ард түмэндээ" аяны хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрахаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Хатанбулаг болон Хөвсгөл сумдад ажиллалаа.

Ажлын хэсэг Хатанбулаг сумын намын хорооны гишүүд, дэмжигчид болон иргэдтэй уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, Монгол Ардын Намын сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн бодлого, нийгэм, эдийн засгийн хөгжил, намын гадаад харилцаа, E4 стратеги, E-NAM 3.0 платформын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсов.

Уулзалтын үеэр Хатанбулаг сумын иргэд төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ сургууль ашиглалтад орсонд талархал илэрхийлээд, сурагчдын дотуур байр хүрэлцээгүй байгаа нь тулгамдсан асуудал хэвээр байгааг онцлон, энэхүү асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мөн орон нутгийн хөгжил, иргэдийн амьжиргаа, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахтай холбоотой санал, хүсэлтээ ажлын хэсгийн гишүүдэд уламжилсан юм.

Ажлын хэсгийн зүгээс уулзалтын үеэр гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн, холбогдох шатны байгууллагуудад уламжилж, цаашдын бодлого, шийдвэрт тусган ажиллахаа илэрхийллээ.

Харин Хөвсгөл суманд малын гоц халдварт өвчин бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэд, намын гишүүдтэй хийх уулзалтыг зохион байгуулаагүй бөгөөд ажлын хэсэг суманд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлуудын явцтай танилцлаа.