Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрт илрүүлэг, сайн боловсрол, байнгын ажил хэрэгтэй байна

Админ

2026.11.21
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбооноос (SDPD) өнөөдөр /2026.11.21/ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчдыг хүлээн авч уулзан хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлүүлэхийг хүсэж буй санал бодлыг нь сонсож, хуульчийн хамт зөвлөгөө мэдээлэл өглөө.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах, тусгай хэрэгцээт хүүхдүүдэд сайн боловсрол эзэмшүүлэх, брайл үсгийг чанартай зааж, таягны хичээл оруулах, багш нарын хүрэлцээ, тэднийг тогтвортой ажиллуулахад  анхаарахгүй байгаагаас эцэст нь хүүхэд хохирч байгааг асран хамгаалагчид хэллээ.

Ямар нэгэн бэрхшээлтэй хүүхдүүдэд чанартай боловсрол эзэмшүүлж, чадавхжуулж чадахгүй байна гэж салбарын бодлогыг шүүмжлэв.

Хэдий бэрхшээлтэй ч насанд хүрсэн, их сургуулиа төгссөн хүүхдүүдээ тохирсон ажил хийлгүүлж, хамт олон, нийгэмд оролцуулахыг эцэг эхчүүд хүсэж байна. Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авах ёстой гэсэн хуулиа хэрэгжүүлэхийг шаардаж байлаа.

Цаашид өсвөр насны хүүхдүүдэд асран хамгаалах төв барих, хувийн туслахын ажлын байрыг бий болгох, хүүхдээ асраад ажил хийх боломжгүй эцэх эхийн асуудал гээд шийдлээ хүлээсэн зүйл олон байгааг хөндлөө.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс орон сууцны хөтөлбөрт хамрагдахад шаарддаг зүйлсэд өөрчлөлт оруулах шаардлага ч бий.

Дээрх санал хүсэлтээ Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбоо хүлээн авч төр засгийн бодлого, шийдвэр, хууль эрх зүйн хүрээнд тусгуулах боломж бий болно гэж дээрх холбоог удирдаж буй УИХ-ын гишүүн О.Саранчулуун онцлов.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрт илрүүлэг, сайн боловсрол, байнгын ажил хэрэгтэй байна | Монгол Ардын Нам