Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дадлагажуулагчтай, тохируулгатай ажлын байр хэрэгтэй байна

Админ

2026.11.04
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбоо (SDPD) Монголын хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбоотой хамтын ажиллагааны санамж бичгийг /2026.10.28/ байгуулсан.

Энэ хүрээнд намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хорооны ээлжит хурал өнөөдөр /2026.11.04/ болж хөдөлмөрийн биржийн төлөөллийг оролцуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар санал солилцлоо.

Уулзалтад Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбооны (SDPD) ерөнхийлөгч, Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Саранчулуун, SDPD холбооны дэд ерөнхийлөгч В.Ойдов, тус холбооны Ерөнхий Нарийн бичгийн дарга Э.Улсболд, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Л.Дэжидмаа, М.Бүрэнтөгс, Биржийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч А.Амаржаргал, Монголын хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Атармаа нарын төлөөлөл оролцлоо.

Талууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг ахисан түвшинд гаргахын тулд дадлагажуулагчтай, тохируулгатай ажилд оруулах нь чухал болох талаар тодорхой саналууд дэвшүүлэв.

Тодруулбал, ХБИ-ийн хүсэж буй ажлын байрны судалгааг хийх, ажил олгогчид боломжтой ажлын байраа нээлттэй зарладаг болох, цахимаар, хагас цагаар ажиллах боломж олгох, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, тохирсон ажил дээр нь дадлагажуулагч байлгах, зогсоол, налуу зам, сандал, ширээ, ариун цэврийн өрөө гээд тохируулгатай ажлын орчин чухал болохыг хөндлөө.

Учир нь цахимаар, хагас цагаар, гэрт ойрхон ажлын байраас илүүтэй дээрх шаардлагууд өнөөгийн эрэлт хэрэгцээнд илүү нийцнэ гэж бодлогын хорооны гишүүд болон хөдөлмөрийн биржүүдийн зүгээс үзэж байна.