Монгол Ардын Намын удирдах ажилтны Хангайн бүсийн зөвлөгөөн өнөөдөр /2026.09.19/ Өвөрхангайн аймгийн Арвайхээр хотод болж өндөрлөлөө.

Зөвлөгөөнд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учрал оролцож үг хэлэхдээ “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” үзэл санааны хүрээнд анхан шатны байгууллагын удирдлагуудтай уулзаж, намын гишүүдийнхээ санал, хүсэлтийг сонсохоор бүсийн зөвлөгөөнийг эхлүүлж байгаагаа дурдав.
Мөн Хангайн бүсийн намын байгууллагуудын хувьд эв нэгдэл, хамтын ажиллагааг эрхэмлэн, цаашдын зорилтоо нэгтгэн ажиллах болно гээд цаашид ч намын гишүүдийнхээ дуу хоолойг сонсож, анхан шатны байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллаж, итгэл хариуцлагыг бодит үйл хэрэг, үр дүнгээр хариулахын төлөө байгаагаа хэллээ.

МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар үг хэлэхдээ намын анхан шатнаас бус удирдах түвшнээс эхэлж үүрэг, хариуцлагыг чангатгана гэв.
Бүсийн зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Д.Ганмаа, Б.Хэрлэн болон Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн намын хорооны дарга, дэд дарга, сум, багийн үүрийн удирдлага, Засаг дарга, ИТХ-ын дарга, дэргэдэх байгууллагын 500 орчим төлөөлөгч оролцов.

Хангайн бүсийн зөвлөгөөний үеэр “Гишүүн төвтэй нам Е4 стратеги”, “Нийгмийн хамгаалал”, “Инновац ба бүтээмж”, “Бүс нутаг”, “Эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээ, хүртээмж” гэсэн таван сэдвээр салбар хэлэлцүүлэг зохион байгуулснаараа онцлог боллоо.

Зөвлөгөөний үеэр намын гишүүд, дэмжигчдийн хэлсэн санал хүсэлт, бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлын шийдлийг тодорхойлон цаашдын бодлого, хөтөлбөрт тусгана.















