Орон даяар өрнөж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяныг Мандал суманд зохион байгууллаа

Админ

2026.07.02
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас улс, орон даяар хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Бага хурлын гишүүн Г.Түвдэндоржоор ахлуулсан ажлын хэсэг 2026 оны долоодугаар сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаж, намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Аймгийн ИТХ-ын дарга, МАН-ын аймгийн хорооны тэргүүлэгч Г.Бат-Орхон, аймгийн намын хорооны дэд дарга, Бага хурлын гишүүн А.Дашбат, аймгийн намын хорооны дэд дарга Б.Мөнхбат, МАН-ын дэргэдэх Стратеги академийн улс төр судлаач Р.Янжиндулам болон холбогдох албаны төлөөлөл оролцов.

Уулзалтын үеэр Монгол Ардын Намын бодлого, үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон төсөл, арга хэмжээний талаар танилцууллаа. Мөн “Гишүүн төвтэй Е4 стратеги”, “ENAM 3.0” шинэчлэлийн хөтөлбөрүүдийг танилцуулж, намын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дотоод ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр санал солилцож, сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уулзалтад оролцсон иргэд, намын гишүүд амьжиргаа, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаар санал, хүсэлтээ идэвхтэй илэрхийллээ. Тухайлбал, тэтгэврийн тогтолцоог боловсронгуй болгож, ахмад настнуудын амьжиргааг сайжруулах, хууль бус уул уурхайн үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгах, намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, E-NAM цахим бүртгэлийн шинэчлэлийг эрчимжүүлэх, иргэдийн татварын ачааллыг бууруулах, намын залуучуудын оролцоо, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх чиглэлээр бодитой арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцлон санал дэвшүүлэв.

Аяны хүрээнд намын ахмад гишүүдэд хүндэтгэл үзүүлж, Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын мэндчилгээг уламжлан, тэдний санал бодол, зөвлөмжийг сонслоо.