Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар Вьетнамын Коммунист Намын Төв Хорооны Суртал ухуулга, соён гэгээрүүлэх, ард түмэнтэй харилцах комиссын орлогч дарга Фан Суан Түй тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2026.10.16/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол Ардын Нам, Вьетнамын Коммунист Намын хооронд тогтсон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Комиссын орлогч дарга Фан Суан Түй нар энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 72 жил, Монгол Ардын Нам болон Вьетнамын Коммунист Нам хооронд харилцаа хамтын ажиллагаа тогтоосны 70 жилийн тэмдэглэлт ойн жил хэрэгжиж байгааг онцлоод хоёр нам хоорондын идэвхтэй хамтын ажиллагаа нь Монгол, Вьетнам хоёр улсын Иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэгтэйг талууд санал нэгтэй тэмдэглэв.

Хоёр намын хамтын ажиллагааг агуулга хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд олон нийттэй харилцах, хэвлэл мэдээллийн чиглэлээрх харилцаагаа идэвхжүүлж, харилцан туршлага солилцох зорилгоор Монгол Ардын Намын төв хэвлэл болох “Үнэн” сонин болон Вьетнамын Коммунист Намын төв хэвлэл болох “Няан Зан” буюу “Ард түмэн” сонинтой хамтын ажиллагаа тогтоохоор тохиролцлоо.
