Монгол, Казахстан хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо

Админ

2026.06.24
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй “Зуны Давос”-ын чуулга уулзалтын үеэр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Олжас Бектеновтэй уулзаж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Талууд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт санал нэгдэв.

Тээвэр, логистикийн саад тотгорыг бууруулах нь хоёр улсын эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргахад чухал ач холбогдолтойг тэмдэглэж, Монгол, Казахстаныг холбосон хамгийн дөт тээврийн шинэ коридор бий болгох асуудлыг шуурхай шийдвэрлэх, энэ хүрээнд Засгийн газар хоорондын хамтарсан ажлын хэсэг байгуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов.