Монголын улс төрийн намуудын төлөөлөгчид ICAPP-ын Ерөнхий Ассамблейн 13 дугаар чуулганд оролцож байна

Админ

2026.11.05
Үйл явдлын мэдээ

Бүгд Найрамдах Солонгос Улсын нийслэл Сөүл хотноо Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Ерөнхий Ассамблейн 13 дугаар чуулган арваннэгдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн Ерөнхий Ассамблейн чуулганд 39 орны 92 улс төрийн намын 300 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас МАН-ын Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн, АН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга С.Баярцогт тэргүүтэй Монгол Ардын Нам, Ардчилсан нам, ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвслийн төлөөлөгчид оролцож байна.

Ерөнхий Ассамблейн 13 дугаар чуулган “Хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд итгэлцлийг сэргээн бэхжүүлэх нь” сэдвийн дор болж байгаа бөгөөд улс төрийн намуудын харилцан итгэлцэл, олон улсын хамтын ажиллагаа, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон дэлхий дахинд тулгамдаж буй сорилтуудыг хэлэлцэх юм. Чуулганы сэдвийг 2026 оны зургаадугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан ICAPP-ын Байнгын хорооны 45 дугаар хуралдаанаар баталсан.

Чуулганы хүрээнд нийт таван нэгдсэн хуралдаан, ICAPP-ын Хэвлэл мэдээллийн форумын наймдугаар хуралдаан “Итгэлцлийг сэргээн бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор зохион байгуулагдаж, хиймэл оюун, цахим технологийн хөгжил болон хуурамч, төөрөгдүүлсэн мэдээллийн тархалтын нөхцөлд хэвлэл мэдээллийн хариуцлага, мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, олон нийтийн итгэлийг бэхжүүлэх асуудлаар хэлэлцэж, туршлага солилцоно. 

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP) нь 2000 онд Филиппин Улсын Манила хотод байгуулагдсан бөгөөд улс төрийн үзэл баримтлал, засаглалын тогтолцооны ялгаанаас үл хамааран Азийн улс төрийн намуудын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой олон улсын байгууллага юм.

Монгол Ардын Нам нь ICAPP-ын Байнгын хорооны гишүүнээр ажилладаг бөгөөд тус байгууллагын үйл ажиллагаанд Монголын улс төрийн намууд оролцож ирсэн.