Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс Хүй долоон худагт зохион байгуулж буй баяр наадмын хүндэтгэлийн арга хэмжээ дөрөв дэх өдрөө үргэлжилж, нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 мянга гаруй гишүүн, дэмжигчдийн төлөөллийг хүлээн авлаа.

Арга хэмжээнд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл, Намын байгуулалтын газрын дарга Г.Хэрлэнчулуун, Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газрын дарга Б.Нандин-Эрдэнэ, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дэд дарга Г.Ариунболд нарын бусад удирдлагын төлөөлөл оролцлоо.

Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл нээж үг хэлэхдээ Монгол Ардын Намын дарга Н.Учрал, Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын мэндчилгээг хүндэт зочдод хүргэлээ.
Мөн тэрбээр намын даргын тэргүүлсэн Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлан, амжилттай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, иргэдийнхээ хийх бүтээх аливаа ажилд саад тээг болж байсан зүйлийг халсан “Чөлөөлье” үндэсний санаачилга, олон жилийн турш дуусдаггүй үргэлжилсэн олон яриаг дуусгавар болгосон бодит ажлуудаас товчхон дурдлаа.

Түүнчлэн “Ардын нам-Ард түмэндээ” аяныг улс орон даяар өрнүүлж намын бодлого, Засгийн газрын шийдвэр зэргийг танилцуулж гишүүд, дэмжигчдэдээ илүү ойр ажиллаж, тэднийхээ дуу хоолой, санал санаачилга, шүүмжлэлийг хүлээн авч цаашдын хөтөлбөр, бодлогодоо тусгахаар ажиллаж байгааг Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл онцолсон юм.

Энэ удаад “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд нийслэлийн есөн дүүргийн найман мянга гаруй гишүүнийг Хүй долоон худагт хүлээн авч, бодлого, шийдвэрээ танилцуулж байна.

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлөөс Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан гишүүд, дэмжигчдэдээ зориулсан энэхүү арга хэмжээ энэ долоодугаар сарын 8-наас эхэлсэн бөгөөд 13-ныг дуустал үргэлжилнэ.







