“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Монгол Ардын намын Бага хурлын гишүүн Г.Дашням, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Болдмаа болон холбогдох албаны хүмүүсийн хамтаар багаараа Хэнтий аймгийн Баянмөнх суманд ажиллаж, намын гишүүд, иргэдтэй уулзлаа.

Баянмөнх сум нь энэ удаагийн ажлын маршрутад багтсан найман сумаас хүн амын тоогоороо хамгийн бага нь бөгөөд 1,700 гаруй иргэн, 500 гаруй өрхтэй. Гэсэн ч уулзалтад оролцсон намын гишүүд сум орон нутгийнхаа асуудал бүрд идэвхтэй хандаж, санал санаачилгаа нээлттэй илэрхийлж байлаа.

Уулзалтаар гишүүн төвтэй E4 стратеги болон Enam 3.0 аппликейшний талаар танилцуулж, намын ажил гишүүдийн оролцоо, санаачилга, хариуцлага, ил тод байдлаар дамжин бодит үр дүнд хүрэх ёстойг ярилцав. Намын үйл ажиллагааг зөвхөн улс төрийн ажил гэж харахгүйгээр иргэдээ холбосон, бие биеэ дэмждэг орон нутгийн хамтын ажиллагааны орчин болгох хэрэгтэй гэсэн санал гарлаа.
Энэ өдрийн онцлох үйл явдлын нэг нь А.Болоржаргал, М.Золцэцэг нар Монгол Ардын намын гишүүнээр шинээр элсэж, гишүүний үнэмлэхээ гардан авсан явдал байлаа. Шинээр элсэж буй гишүүдийн идэвх, оролцоо нь сумын намын байгууллагын үйл ажиллагааг сэргээж, шинэ санаа, шинэ эрч хүч нэмэх чухал эхлэл юм.

Ахмад настнуудын хувьд үнийн өсөлт амьжиргаанд нь хамгийн их дарамт болж байгааг уулзалтаар онцолсон юм. Тэтгэвэр нэмэгдэх талаар тодорхой хүлээлт байгаагаа хэлж, ахмадуудад зориулсан уулзалт, чөлөөт цаг, хөгжлийн үйл ажиллагаа явуулах байр, орон зай хэрэгтэйг санал болголоо.

Мөн залуучуудыг мэргэжил, ур чадвараа дээшлүүлэхэд дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх бодит боломжийг бүрдүүлэх, ахмадуудад чиглэсэн тогтмол үйл ажиллагаа зохион байгуулах шаардлагатайг хэлэлцлээ.
Энэ үеэр намын ахмад гишүүд болох П.Манцуйт, Л.Долгор, Г.Энхтөр нартай уулзаж, хүндэтгэл үзүүлэн, Монгол Ардын намын даргын мэндчилгээг уламжиллаа.
Энэ үеэр намын ахмад гишүүн Г.Юндэн, сумын аварга малчин Ш.Жамъянхорол, урлагийн ахмад зүтгэлтэн Л.Дуламсүрэн нарын гэрээр нь зочилж, хүндэтгэл үзүүлэн, Монгол Ардын намын даргын мэндчилгээг уламжиллаа.






