Нийслэл, дүүргийн намын хорооны удирдлагуудтай уулзав

Админ

2026.08.31
Үйл явдлын мэдээ

МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар нийслэл, дүүргийн намын хорооны удирдлагуудтай өнөөдөр /2026.08.31/ уулзаж, цаг үеийн мэдээлэл солилцлоо.

Засгийн газраас 1.4 их наядын хэмнэлт хийх 2026 оны төсвийн тодотголд тусгасан стратегийн хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, цалин, тэтгэврийн нэмэгдэл, зөрүүг арилгах зорилт, түүнчлэн МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралын өнөөдөр танилцуулсан ирэх 2027 оны төсвийн төсөлд тусгасан онцлох есөн шийдвэрийг товч дурдлаа.

Намын Удирдах зөвлөлөөс "Ардын нам-Ард түмэндээ" аяныг өнгөрсөн зургаадугаар сараас орон даяар зохион байгуулж эхэлсэн бөгөөд одоогоор 17 аймгийн 247 сум, найман тосгонд намын анхан шатны нэгжид хүрч иргэд, сонгогчид, гишүүд, дэмжигчидтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсоод байна. Энэхүү аяныг үлдсэн баруун дөрвөн аймаг, 60 гаруй суманд үргэлжлүүлэхээр төлөвлөөд байгааг мэдээллээ.

Энэхүү аяны хүрээнд намын гишүүдийн бүртгэл, харилцааны Enam 3.0 цахим шинэчлэлийг илүү идэвхжүүлэх, “Гишүүн төвтэй нам E4 стратеги”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэн ажиллаж байгааг онцлов.

Уулзалтад МАН-ын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл, Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Намын байгуулалтын газрын дарга Г.Хэрлэнчулуун, Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Галсан нар оролцов.