С.Мөнгөнчимэг: Намын бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлж, анхан шатны байгууллагуудыг дэмжинэ

Админ

2026.10.17
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын Удирдах ажилтны Баруун бүсийн зөвлөгөөний үеэр МАН-ын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг намын 31-р Их хурлаас хойш хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулж, намын шинэчлэл, бодлогын хэрэгжилт, анхан шатны байгууллагын идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. 

Монгол Ардын Нам дэргэдээ 11 бодлогын хороог байгуулж, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгч, холбогдох зөвлөмж хүргүүлэн, бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Түүнчлэн намын дэргэдэх эмэгтэйчүүд, залуучууд, ахмадын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлж, нийгмийн бүлгүүдийн дуу хоолойг сонсох, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарч буйг онцоллоо. Тухайлбал, эмэгтэйчүүдийг улс төрд бэлтгэх, оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор Социал Демократ Эмэгтэйчүүдийн холбоо дэргэдээ “Бөртэ” академийг байгуулсан.  Эдгээр ажлыг сум, баг, бүсийн түвшинд хүргэж, анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих шаардлагатайг тэмдэглэв.

Мөн “Ардын нам - Ард түмэндээ” аяны хүрээнд гишүүдээс ирүүлсэн саналуудыг эрэмбэлж, багш, эмч нарын цалин, тэтгэвэр, намын эв нэгдлийг бэхжүүлэх, гишүүдийг сонгогдсон тойрогтоо хүрч ажиллуулах, анхан шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлыг онцолж байлаа.

Тэрбээр намын шинэчлэлийг бодлогын хэрэгжилт, гишүүдийн оролцоо, анхан шатны байгууллагын чадавхтай уялдуулж, ард иргэдийн санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусган ажиллахын чухлыг илтгэлдээ онцоллоо.