“S300” хөтөлбөрөөр баруун бүсийн оюутан, залуус шинэ санаа, боломж, хандлагыг өөртөө нээнэ

Админ

2026.11.10
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “S300” оюутнуудын ур чадварыг хөгжүүлэх цогц сургалт 14 дэх жилдээ, 30 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. 

Энэ удаагийн сургалтад баруун бүсийн Ховд, Завхан, Говь-Алтай, Увс аймгаас их, дээд сургууль, коллежид суралцаж буй оюутан, залуус хамрагдаж байгаа юм.

S300 хөтөлбөрийн хоёр дахь өдрийн сургалтаар /2026.11.10/ залуус салбар бүрийн туршлага, мэдлэгээс суралцаж, шинэ санаа, боломж, хандлагыг өөртөө нээж байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв энэ өдрийн сургалтад зочноор оролцож манлайлал ба хариуцлагатай шийдвэр гаргалт сэдвийн хүрээнд зөөлөн ур чадвар, бусдыг болон өөрийгөө удирдах, манлайлах, сайн дадлыг өөртөө шингээх, сул талаа багасгах, сайн сайхны төлөө хамтдаа хөгжих тухайд S300 хөтөлбөрт оролцож буй оюутан залуустай үзэл санаагаа хуваалцлаа.

Мөн Улс төрийн манлайллын академийн сургагч багш А.Амаржаргал өөртөө хайртай, итгэлтэй байх, өөртөө цаг гаргах шилдэг арга нь төлөвлөх, мэдрэмжээ нэрлэж эерэг хандлагыг төлөвшүүлэх талаар, Student Leadership academy-ийн сургагч багш М.Номин-Эрдэнэ нийгмийн сүлжээнд дэх эерэг нөлөө сэдвээр сургалт орлоо.

Энэхүү сургалтыг Социал Демократ Монголын Оюутны Холбоо, Student Leadership Academy болон баруун бүсийн аймгуудын салбар холбоод хамтран таван өдрийн турш зохион байгуулж байна.