“S300” ур чадварын цогц сургалтад баруун бүсийн оюутан, залуус оролцож байна

Админ

2026.11.09
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “S300” оюутнуудын ур чадварыг хөгжүүлэх цогц сургалт 14 дэх жилдээ, 30 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. 

Энэ удаагийн сургалт баруун бүсээс өнөөдөр /2026.11.09/ эхэлж байгаа бөгөөд Ховд, Завхан, Говь-Алтай, Увс аймгаас их, дээд сургууль, коллежид суралцаж буй 463 оюутан, залуус хамрагдаж байна.

Сургалтыг СДМОХ-ны ерөнхийлөгч Н.Лхагвабаяр нээж үг хэллээ. 

Эхний өдрийн сургалтыг SDY Academy-ийн сургагч багш Б. Төмөр-Очир “Сэтгэлийн хадгаламж” сэдвээр, Student Leadership academy-ийн сургагч багш М.Болор-Эрдэнэ “Зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэх арга замаа төлөвлөх”, сургагч багш Н.Булгантамир “Илтгэх урлаг, мэтгэлцээний ур чадварыг эзэмших нь” сэдвээр тус тус сургалт орлоо. “S300” цогц сургалт нь оюутан, залуусын мэргэжлийн болон хувь хүний ур чадварыг хөгжүүлэх, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах мэдлэг, чадвартай манлайлагчдыг бэлтгэх зорилготой.

Түүнчлэн бүс нутгийн салбар холбоодын үйл ажиллагааг өргөжүүлэх, залуусын оролцоо, идэвх санаачилгыг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Өнгөрсөн 14 жилийн хугацаанд тус сургалтад нийт 15 мянган оюутан, залуус хамрагджээ.

Таван өдөр үргэлжлэх энэхүү сургалтын оролцогчид олон талын мэдлэг, ур чадвар эзэмшихийн зэрэгцээ харилцан туршлага солилцож, манлайлах чадвараа хөгжүүлэх боломжтой юм.

Тус сургалтыг Социал Демократ Монголын Оюутны Холбоо, Student Leadership Academy болон баруун бүсийн аймгуудын салбар холбоод хамтран зохион байгуулж байна.

Энэ удаагийн “S300” цогц сургалт бүсчилсэн хэлбэрээр долоон долоо хоногийн турш үргэлжилнэ.