Монгол Ардын Намын удирдах ажилтны Төв ба Хойд бүсийн зөвлөгөөн өнөөдөр /2026.10.10/ Орхон аймагт болж байна.
Зөвлөгөөний эхэнд долоон сэдвээр салбар хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, С.Мөнгөнчимэг, Л.Дашдэмбэрэл болон УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн, намын дэргэдэх СДМЭХ-ны ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, О.Саранчулуун С.Эрдэнэбат, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, Батлан хамгаалахын сайд Д.Батлут нар оролцож байна.

Мөн Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хөвсгөл, Булган, Орхон аймгийн намын гишүүд, орон нутгийн удирдлагууд оролцон тухайн бүсэд тулгамддаг салбар бүрийн асуудал, шалтгаан, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдлийг хөндөн санал шүүмжээ нээлттэй өрнүүллээ.

Тухайлбал, "Гишүүн төвтэй нам Е4 стратеги"-ийг хэрэгжүүлэх бодлогын хорооны хэлэлцүүлгээр хойд болон төвийн бүсийн намын гишүүнчлэлийн бүтэц, хүний нөөц, манлайллын хөгжил, сонирхлын бүлгүүдийг бодитоор дэмжих, гишүүдийг сургаж хөгжүүлэх, оролцоог сайжруулахад анхаарах шийдлийг хөндөн ярилцлаа.

Нийгмийн хамгааллын салбар хэлэлцүүлгээр намын мөрийн хөтөлбөрт тусгасан төрийн үйл ажиллагаанд иргэдийн хяналт тавих тогтолцоог технологийн шийдлээр сайжруулах, шилэн ажиллагааг үргэлжлүүлэх тухай, Эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээний бодлогын хороо хүн төвтэй, нэгдмэл, тасралтгүй, хүртээмжтэй, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгардаг саад, бэрхшээлийг орон нутагт хэрхэн шийдэх талаар ярилцав.

Дэд бүтэц хөгжлийн төслүүдийн бодлогын хороогоор Хойд болон Төвийн бүсийн дэд бүтэц, баяжуулах, хайлуулах, боловсруулах үйлдвэрлэл болон хөгжлийн төслүүдийг харилцан уялдуулж эрчим хүч, ус, тээвэр, логистикийн хэрэгцээг хамтад нь тооцсон бүсийн нэгдсэн зохицуулалт бий болгохыг зөвлөж байлаа.

Бүс, нутгийн хөгжлийн бодлогын хороо нь тухайн бүс нутгийн байгалийн баялаг, хүн ам, хөдөлмөрийн нөөц, үйлдвэрлэлийн хүчин чадал, дэд бүтцийн гинжин холбоог хөгжүүлэх, Хүртээмжийг сайжруулах бодлогын хорооны салбар хэлэлцүүлэгт Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төсийн үзэл санааг танилцуулж, харилцан санал солилцов.
Инновац, бүтээмж нэмэгдүүлэх бодлогын хороо салбар хэлэлцүүлгээр тухайн аймаг, суманд ирэх оноос өмнө нэн түрүүнд шийдэх шаардлагатай асуудлууд, түүнийг хэрхэн шийдэх, хэн хариуцах талаар оролцогчид саналаа солилцов.


















