SDCAMP-2026: Бодит жишээн дээр шийдэл боловсруулна

Админ

2026.09.12
Үйл явдлын мэдээ

Социал Демократ Монголын Оюутны Холбооны удирдах бүрэлдэхүүн гишүүн, дэмжигч оюутнуудынхаа намын цугларалтыг энэ жил бүс тус бүр дээр очиж өргөн хэмжээнд хийсэн юм.

Оюутны холбооны 10 дахь жилдээ болж буй намрын цугларалтад энэ удаад хангайн бүс, баруун, төвийн бүсийнхэн Улаанбаатарт нэгдэж, SDCAMP-2026 арга хэмжээгээ өнөөдөр /2026.09.12/ нээлээ.

Нээлтийн арга хэмжээнд МАН-ын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, Социал Демократ Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч Н.Лхагвабаяр нар оролцов.

Оюутнууд тулгамддаг асуудал, түүний шийдлийг өөрсдөө илүү мэддэг учраас санал бодлоо шийдвэр гаргах түвшинд хүртэл оролцох, хэрэгжүүлэх боломж, бололцоог нь нээлттэй байлгах үүднээс намын дэргэдэх СДМОХ-ны үйл ажиллагааг байнга дэмжин ажилладаг гэдгээ МАН-ын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг онцлов.

Дээрх гурван бүсийн 100 гаруй оюутан, залуус өнөөдөр, маргааш хоёр өдөр хамтдаа суралцах, хүрээллээ тэлэх, бодлогын мэтгэлцээн өрнүүлэн, багаараа шийдэл боловсруулж, шийдвэр гаргах түвшинд хүргэх санал бодлоо дэвшүүлнэ.

SDCAMP-2026 арга хэмжээний хүрээнд:

🔹Бодит жишээн дээр багаар ажиллаж шийдэл боловсруулна. 

🔹Авьяас, бүтээлч байдлаа тайзнаа харуулна.

🔹Спортын төрлүүдээр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулах юм.

Оюутны холбооны жил бүрийн энэхүү цугларалтаар залуус шинэ нөхөрлөл, өрсөлдөөн, эрч хүчээр цэнэглэгдэж хүрээллээ илүү тэлдэг байна.

Тухайлбал, өмнө нь болсон нийслэлийн цугларалтаар нэгдсэн авьяаслаг залуус “Leaves” нэртэй амьд хөгжмийн хамтлаг байгуулсан бөгөөд тэд Баянгол дүүргийн СДМОХ-г төлөөлж SDCAMP-2026 арга хэмжээний нээлтэд уран бүтээлээсээ хүргэлээ.