Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн холбоо (СДХБИХ), Улс төрийн манлайллын академи хамтран хоёр өдрийн турш зохион байгуулж буй “LEAD THE LEADERS” манлайллын сургалт өнөөдөр /2026.09.03/ эхэллээ.

Сургалтад хүндэт зочноор намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, СДХБИХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн О.Саранчулуун нар оролцов.

Тэд сургалтыг нээж үг хэлэхдээ олон талын мэдлэг, мэдээлэл олж авсан үр дүнтэй, өгөөжтэй манлайллын сургалт болж, холбооны гишүүддээ мэдлэг, мэдээллээ түгээхэд хувь нэмрээ оруулахыг хүслээ.

Сургалтад СДХБИХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд хамрагдаж байгаа бөгөөд Улс төрийн манлайллын академийн мэргэжлийн сургагч багш нар орчин үеийн хэрэгцээ, шаардлага, ирээдүйд эрэлттэй ур чадварууд гэсэн сэдвийн хүрээнд сургалтаа эхлүүллээ.

Тухайлбал, хиймэл оюун ухааныг үр дүнтэй ашиглах нь, тархи судлалд үндэслэсэн хөгжил, бүтээлч сэтгэлгээ, тасралтгүй суралцахуй, манлайлагчийн илтгэх ур чадвар, алсын хараа, карьер төлөвлөлт, нийгмийн инновацын төслүүдийг хэрхэн хэрэгжүүлэх талаар сургагч нар сонирхолтой арга, хэлбэрээр хөтөлбөрөө бэлтгэжээ.

Түүнчлэн улс төрийн манлайллын хувьд “Гишүүн төвтэй E4 стратеги” болон “Чөлөөлье” үндэсний санаачилгыг хэрхэн хэрэгжүүлж байгааг танилцуулна.

“LEAD THE LEADERS” манлайллын хөтөлбөрт СДХБИХ-ны дэд ерөнхийлөгч Б.Сарантуяа, дэд ерөнхийлөгч В.Ойдов, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Улсболд, Улс төрийн манлайллын академийн захирал Б.Золбадрал, тус академийн ахлах болон тэргүүлэх сургагч багш нар оролцож байна.












