СДМЭХ Бүгд Найрамдах Франц Улсын элчин сайдтай уулзлаа

Админ

2026.08.14
Үйл явдлын мэдээ

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрератай уулзаж, эмэгтэйчүүдийн манлайлал, гэр бүл, эх хүүхдийн бодлого, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчин болон хөгжлийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтаар хоёр талын эмэгтэйчүүдийн оролцоо, эрх, манлайллыг бодитоор нэмэгдүүлэхэд туршлага, боломжоо хэрхэн уялдуулах талаар ярилцав.

Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа СДМЭХ-ны 2026–2030 оны W-O-M-E-N таван тулгуурт бодлого, эмэгтэйчүүдийг улс төр, нийгэм, эдийн засгийн бүх түвшинд бэлтгэх зорилго бүхий “Бөртэ” гэр бүл, эмэгтэйчүүдийн академийн үйл ажиллагааг танилцуулж, Францын талтай манлайллын сургалт, эксперт солилцоо, эмэгтэйчүүдийн чадавхжуулалтын чиглэлээр хамтран ажиллах боломжийг санал болгов.

Элчин сайд Коринн Пэрера Францын хувьд эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш оролцоо нь гадаад бодлогын чухал чиглэл болохыг онцолж, эмэгтэйчүүдийн улс төр, нийгмийн оролцоог хууль эрх зүй, боловсрол, гэр бүлийн бодлогоор тогтвортой дэмжих нь чухал гэдгийг тэмдэглэлээ. Мөн Францын гэр бүл, эх хүүхдийн тухай хуулиас туршлагаас хуваалцаж, шинээр төрсөн хүүхдийн аавын оролцоог нэмэгдүүлэх, ээжүүдийг хөдөлмөр эрхлэх нөхцөлөөр хангах, хүүхдийн асаргаа, боловсролыг төрийн бодлогоор дэмждэг талаар мэдээлэв.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, эмэгтэйчүүдийн амьжиргааны талаарх асуудал уулзалтын чухал сэдэв байлаа. Ерөнхийлөгч Д.Үүрийнтуяа малчид болон хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн түрүүнд өртөж байгааг онцолж, энэ чиглэлээр эмэгтэйчүүдийг дэмжих сангийн санаачилгаа танилцуулсан юм.

Францын тал Монгол Улсын ус, ой, цаг уурын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүддээ жендэрийн оролцоог тусгахыг зорьж байгаагаа мэдээлж, цаашид энэ чиглэлээр хамтын ажиллагааны боломжийг судлахад нээлттэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад Францын эмэгтэй улс төрчид, парламентын төлөөллийг оролцуулах, “Бөртэ” академийн үйл ажиллагаанд Францын эксперт оролцуулах боломжийг хамтран судлахаар санал солилцов.

Уулзалтын төгсгөлд талууд эмэгтэйчүүдийн манлайлал, гэр бүл, хүүхэд, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт болон хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр харилцан мэдээлэл солилцож, бодитой хамтын ажиллагааны боломжуудыг үе шаттайгаар үргэлжлүүлэн судлахаар санал нэгдлээ. Найрсаг, илэн далангүй, ажил хэрэгч энэхүү уулзалт нь Монгол, Францын эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлэх боломжийг нээлээ.