Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны (СДМЭХ) Бодлогын зөвлөлийн гишүүдийн уулзалтыг өнгөрсөн баасан гарагт /2026.10.23/ зохион байгуулж, “WOMEN” таван тулгуурт бодлогын хэрэгжилт, 2027 оны үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, зорилтын талаар санал солилцлоо.

Уулзалтад Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, СДМЭХ-ны үе үеийн ерөнхийлөгчид, Ерөнхий нарийн бичгийн дарга нар, УИХ-ын одоогийн болон өмнөх гишүүд, төрийн өндөр албан тушаал хашиж байсан эмэгтэйчүүд, холбооны удирдлага, Бодлогын зөвлөлийн гишүүд оролцов.
ҮЕ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ, БОДЛОГЫН ЗАЛГАМЖ ХОЛБООГ ОНЦОЛЛОО

Тэрбээр ахмад, дунд, залуу үеийн эмэгтэй манлайлагчид нэг дор цуглаж, туршлага, үзэл санаа, бодлогын залгамж холбоогоо бэхжүүлж буйг Монгол Ардын Намын үе хоорондын “алтан хэлхээ”-ний нэгэн илэрхийлэл хэмээн тодорхойллоо.
Мөн эмэгтэйчүүдийн байгууллага НАМЭХ, МАСЭХ-ноос өнөөгийн СДМЭХ хүртэлх хөгжлийн явцдаа цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчлэгдэж ирснийг тэмдэглэв. Түүнчлэн холбооны удирдлага, Ажлын албаны зохион байгуулалт, бүс нутагт хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, гишүүдийн оролцооны талаар эерэг үнэлгээ өглөө.
“WOMEN” ТАВАН ТУЛГУУРТ БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТ, 2027 ОНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Уулзалтын үеэр СДМЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа холбооны 2026-2030 онд хэрэгжүүлэх “WOMEN” таван тулгуурт бодлогын хүрээнд хийсэн ажил, хүрсэн үр дүн, цаашдын зорилтыг танилцуулав.

Тус бодлого нь эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, сайн сайхан байдал, тэгш боломж, гэр бүлийн хөгжил, бизнес эрхлэлт, үндэсний үнэт зүйлийг дэмжих чиглэлүүдийг хамарч байгаа бөгөөд хэрэгжилтийг нь 2027 оны үйл ажиллагааны төлөвлөлттэй уялдуулахад анхаарч байна.
Мөн уулзалтаар эмэгтэйчүүдийн улс төр, нийгмийн оролцоо, шийдвэр гаргах түвшний манлайллыг нэмэгдүүлэх, орон нутгийн салбар холбоодын үйл ажиллагааг бэхжүүлэх, бодлогын шинэ санаачилгыг дэмжих асуудлыг хэлэлцлээ.
БОДЛОГЫН ЗӨВЛӨЛИЙН ОРОЛЦОО, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
Уулзалтын хүрээнд СДМЭХ-ны дэд ерөнхийлөгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулж, “Бөртэ” гэр бүл, эмэгтэйчүүдийн академийн цаашид хэрэгжүүлэх сургалт, хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцууллаа.

Бодлогын зөвлөлийн гишүүд салбар бүрд хуримтлуулсан мэдлэг, туршлагадаа тулгуурлан холбооны цаашдын үйл ажиллагаа, бодлогын тэргүүлэх чиглэл, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.
СДМЭХ нь уулзалтаас гарсан санал, зөвлөмжийг 2027 оны үйл ажиллагааны төлөвлөлтөд тусгаж, “WOMEN” таван тулгуурт бодлогын хэрэгжилтийг бодит, хэмжигдэхүйц үр дүнд хүргэх, эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог дэмжих ажлыг үргэлжлүүлэхээр зорьж байна.





