СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Өнөрцэцэг “Зэвсэгт хүчний холбоочдын мэргэжлийн цогцолбор” тэмцээний нээлтэд оролцов

Админ

2026.07.01
Үйл явдлын мэдээ

Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо (СДМЭХ) нь Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэйчүүдийн холбоотой байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбоо үүсэж хөгжсөний 105 жилийн ой, Зэвсэгт хүчний холбоочдын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан хошууч генерал Р.Гаваа агсны нэрэмжит “Зэвсэгт хүчний холбоочдын мэргэжлийн цогцолбор” тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Өнөрцэцэг урилгаар оролцож, үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал, сансрын болон тоон технологийн эрчимтэй хөгжлийн энэ үед холбооны салбарын мэргэжилтнүүд шинэ мэдлэг, ур чадвар, технологийг тасралтгүй эзэмших шаардлагатай байна. Энэхүү тэмцээн нь шилдгүүдийг тодруулахаас гадна цэргийн холбооны салбарын хөгжлийн шинэ чиг хандлагыг тодорхойлох чухал ач холбогдолтой” хэмээн онцоллоо.

Зэвсэгт хүчний холбоочдын мэргэжлийн ур чадвар, инженерийн сэтгэлгээ, мэдээллийн технологийн мэдлэгийг хөгжүүлэх зорилготой тус тэмцээнийг Зэвсэгт хүчний Жанжин штабаас 2006 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил 20 дахь удаагаа болж байна.

Энэ удаагийн тэмцээнд Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын 9 анги, байгууллагын 50 гаруй тамирчин оролцож, ур чадвар, мэдлэг, туршлагаа сорин өрсөлдлөө.

Орчин үеийн батлан хамгаалах салбарт мэдээлэл, харилцаа холбоо, кибер аюулгүй байдал, дэвшилтэт технологийн ач холбогдол өсөн нэмэгдэж буй энэ үед цэргийн холбоочдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн энэхүү тэмцээн нь салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй арга хэмжээ болж байна.