SDPD: “Эв санааны нэгдлээс нөлөөлөл рүү” манлайллын сургалт эхэллээ

Админ

2026.10.14
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбоо /SDPD/, Фридрих-Эбертийн сан, Улс төрийн манлайллын академи хамтран “Эв санааны нэгдлээс нөлөөлөл рүү” сургалтыг өнөөдөр /2026.10.14/ Тусгаар тогтнолын ордонд эхлүүллээ.

Гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү манлайллын сургалтад  SDPD холбооны дэд ерөнхийлөгч В.Ойдов, Б.Сарантуяа, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Улсболд нарын 18 салбар холбоо болон нийслэлийн есөн дүүргийн удирдлагын төлөөллөөс бүрдсэн Удирдах зөвлөл, Бага хурал, хяналтын хорооны 40 гаруй гишүүн хамрагдаж байна.

Тэд энэ сургалтын хүрээнд орчин үед хэрэгцээтэй олон сэдвээр манлайллын ур чадвараа ахиулахаас гадна тухайн орон нутгийн удирдлагуудтайгаа хэрхэн хамтран ажиллах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг асуудал, түүнийг шийдэх арга зам, түүнд нөлөөлөх, оролцох талаар санал бодлоо нээлттэй солилцон шийдэл тодорхойлно.

“Эв санааны нэгдлээс нөлөөлөл рүү” сургалтыг нээж Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Б.Сарангуа нар үг хэллээ.

Сургалтыг Улс төрийн манлайллын академийн мэргэшсэн сургагч багш нар удирдан явуулах бөгөөд эхний сургалтыг тус академийн багш А.Амаржаргал орж, Байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс сэдвээр Улс төрийн манлайллын академийн захирал Б.Золбадрал сургалтыг үргэлжлүүлэв.

Дараагийн өдрүүдэд Төрийн бус байгууллагын менежмент,  Хүний эрх ба оролцоо, Бодлого боловсруулах үйл явц зэрэг сэдвээр сургалт үргэлжилнэ.