Сонсголгүй иргэд хэлмэрч, хадмал бичгээр хүртээмжтэй мэдээлэл авахыг шаардаж байна

Админ

2026.11.27
Үйл явдлын мэдээ

Сонсголгүй иргэдэд хүрдэг мэдээллийн төрлүүд бага учир эрхээ хангаж чадахгүй байгаа тул Засгийн газарт шаардлага хүргүүлсэн байна.

Сонсголгүй иргэдэд зар, тайлбар, заавар зөвхөн аудио хэлбэрээр хүрдэг, хадмал болон дохионы хэлний орчуулга дутмаг, энэ төрлийн төсөв тодорхойгүй, орчны хүртээмж байхгүй, хэлмэрчийн үйлчилгээ авах зохицуулалт тодорхойгүй зэргээс эрхээ хангаж чадахгүй байна.

Тэд дохионы хэлний хэлмэрчийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, мэдээллийн хүртээмжийг сайжруулах, телевиз, төрийн байгууллагын мэдээ мэдээлэл, уран сайхны болон олон ангит кино, төрийн болон онцгой байдлын зарлан мэдээлэл, цахим үйлчилгээ, олон нийтэд зориулсан мэдээллийг дохионы хэлний орчуулга, хадмал бичигтэй хүргэхийг шаардаж байна. Ингэснээр сонсголын бэрхшээлтэй иргэд шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь авч нийгэм дэх оролцоогоо хангана гэж үзэж байна.

Мөн сонсголын бэрхшээлтэй жолооч нар такси үйлчилгээнд нэлээд явдаг тул  дугаарын хязгаарлалт, таних тэмдэг, тусгай зөвшөөрлийн журмыг судлах, торгууль, хүү, алдангийг хянан үзэх, хяналтын ажилтнуудад хүртээмжийн сургалт явуулах ёстой гэж үзэж байгаа аж.

Дээрх шаардлагуудаа нэгтгэн Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороогоор дамжуулан 9 чиглэлтэй зөвлөмжөөр хүргүүлж байгаагаа Сонсголгүй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар онцлов.

Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороо нь нийгэмд орхигдож буй аль нэг талын дуу хоолойг төр засагт хүргэх гүүр болон зорьж ажиллаж байгаагийн хувьд энэ удаад сонсголын бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчдын төлөөлөлтэй уулзан зөвлөмжийг хүлээн авч, цаашид бодлого, хөтөлбөрт тусгуулах болно гэдгээ тус бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Саранчулуун үзэж байна.