Тэгш хүртээмж, оролцоо, хамгааллын бодлого Сүхбаатар дүүрэгт үргэлжилнэ

Админ

2026.09.17
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн холбооны Сүхбаатар дүүргийн салбар шинээр байгуулагдаж, анхдугаар хурлаа Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.09.17/ хийлээ.

Сүхбаатар дүүргийн Монгол Ардын Намын хорооны дарга М.Говьсайхан, дэд дарга О.Бат-Өлзий нарын удирдлагууд хэнийг ч орхигдуулахгүй, хүн бүрийн оролцоог хангах үзэл санааны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эцэг эх, асран хамгаалагчид, нийгмийн ажилтан, сэргээн засах эмч, багш нар, тэдний эрх, нийгмийн хамгаалал, өдөр тутамд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд анхаарч дүүрэгтээ салбар холбоог байгуулахыг дэмжин ажиллаж байна.

Сүхбаатар дүүргийн Социал Демократ Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн салбар холбоог байгуулах хуралд МАН-ын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дэд дарга О.Бат-Өлзий, СДХБИХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн О.Саранчулуун, тус холбооны дэд ерөнхийлөгч В.Ойдов, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Улсболд нар оролцов.

Мөн Сүхбаатар дүүргийн намын 20 хорооны 40 гаруй төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, асран хамгаалагчдын төлөөлөл оролцож холбооны зүгээс цаашид хийж, хэрэгжүүлэх шаардлагатай ажил, анхаарах асуудлын талаар санал бодлоо илэрхийлэв.

СДХБИХ-ны Сүхбаатар дүүргийн салбар холбооны тэргүүнээр тэгш хамруулан сургах боловсролоор мэргэшсэн багш Н.Солонгыг нэр дэвшүүлж сонгов.

Одоогоор нийслэлийн Багануур, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг, Говь-Алтай аймагт СДХБИХ-ны салбарыг байгуулан тэгш хүртээмж, оролцоо, хамгааллын бодлогыг үргэлжлүүлж байна.

Цаашид улсын хэмжээнд аймаг, сум, хороонд салбар холбоог байгуулж, түүгээр дамжуулан иргэд бодлогын шийдэлд оролцоход намын удирдлагын зүгээс дэмжин ажиллахаа МАН-ын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг онцлов.