“Ардын нам-Ард түмэндээ” аян Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд үргэлжиллээ

Админ

2026.06.30
Үйл явдлын мэдээ

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд болсон уулзалтаар Засгийн газрын бодлого, “Чөлөөлье” санаачилга, E4 стратеги, Enam 3.0 платформыг танилцуулж, Улаагчийн хар нуурын аялал жуулчлалын нөөц боломжийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар санал солилцлоо.

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд ажиллалаа.

Уулзалтад 80 гаруй намын гишүүн оролцож, Засгийн газрын бодлого, шийдвэр, намын даргын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилга, “Гишүүн төвтэй E4” стратеги болон Enam 3.0 платформын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, санал бодлоо солилцов.

Уулзалтын үеэр оролцогчид орон нутгийн эдийн засгийг эрчимжүүлэхэд аялал жуулчлалын салбарын хөгжил чухал үүрэгтэйг онцолж, ялангуяа Улаагчны хар нуурын тусгай хамгаалалттай бүсийн аялал жуулчлалын нөөц боломжийг зөв зохистой ашиглан хөгжүүлэх нь бүс нутгийн хөгжил, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэсэн байр суурийг илэрхийллээ.

Ажлын хэсгийнхэн мөн Эрдэнэхайрхан сумын ахмад гишүүд Б.Лханаажав, Н.Мэндбаяр, Г.Жаргал нартай уулзаж, Монгол Ардын Намын дарга Н.Учралын мэндчилгээг уламжилан, намын үйл хэрэгт идэвх зүтгэлтэй оролцож, салбартаа манлайлан ажиллаж буй гишүүдэд хүндэтгэл үзүүллээ.