Үндэсний хэмжээний сургагч багш бэлтгэх хөтөлбөр үргэлжилж байна

Админ

2026.08.24
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын дэргэдэх Улс төрийн манлайллын академиас Фридрих-Эбертийн сан, МУИС-тай хамтран үндэсний хэмжээний сургагч багш бэлтгэх ээлжит сургалтын нээлт өнөөдөр /2026.08.24/ боллоо.

 Сургалтыг нээж Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Л.Дашдэмбэрэл үг хэлэхдээ намын дэргэдэх Улс төрийн манлайллын академиас өнгөрсөн хугацаанд дэргэдэх холбоод болон орон нутагт манлайллын сургалтыг зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй, эрэлт хэрэгцээтэй байсан тул энэ удаад сургагч багш нарыг үргэлжлүүлэн бэлтгэхээр болсон тухайгаа онцлов.

Энэхүү сургалтад нийслэлийн есөн дүүрэг, есөн аймгаас намын дэргэдэх таван төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 40 орчим хүн оролцож байгаа бөгөөд сургалт таван өдрийн турш үргэлжилнэ. Бусад аймаг, хороо, сумын төлөөлөл дараагийн сургалтад хамруулах боломжтой юм байна.

 

Мөн Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Б.Сарангуа, МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, доктор, профессор С.Мөнхбат нар оролцож энэхүү сургалтын хэрэгцээ шаардлага, агуулга, хүртээмж, зорилгыг танилцуулсан юм.

Нийгэм, эдийн засаг, мэдээлэл технологи, уламжлалт сэтгэлгээ, соёл, хэв маягт өнөөгийн социал демократ үзэл санааны агуулгыг хэрхэн тусгасан, түүнийг олон нийтэд илүү ойлгомжтой хүргэхэд сургалтын агуулга чиглэж байна.