Монгол Ардын намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр /2026.06.22/ Тусгаар тогтнолын ордонд цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Хуралд намын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Ө.Золбаяр, Л.Дашдэмбэрэл, Намын байгуулалтын газрын дарга Г.Хэрлэнчулуун нар оролцов.
Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар өчигдөр /2026.06.21/ болсон аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн дүн гарсантай холбоотой мэдээллийг өглөө.
Энэ жил таван аймгийн есөн суманд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандат, 15 аймгийн 37 мандат дээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийг зарласан.
Сонгуульд МАН-аас 42, АН-аас 40, ХҮН намаас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр 1, бие даан нэр дэвшигч 5, нийт 93 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн нийлбэр дүнг холбогдох байгууллагууд гаргажээ.
Нийт 46 мандатаас Монгол Ардын нам 26 мандат буюу 56.5 хувиар ялалт байгуулсныг Ерөнхий Нарийн бичгийн дарга Я.Содбаатар олон нийтэд мэдээлэв. Мөн АН-аас 17 мандат буюу 36.9 хувь, ХҮН нам нэг, хоёр бие даагч сонгогджээ.
Ялангуяа аймгийн ИТХ-ын 9 мандатад Монгол Ардын намаас нэр дэвшигчид 100 хувийн үнэмлэхүй ялалт байгуулсныг онцоллоо. Тодруулбал, Увс, Өвөрхангай, Дундговь, Төв, Дархан-Уул аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд намын удирдлагуудын зүгээс нэлээд ач холбогдол өгч ажилласан гэдгийг тодотголоо.






