ЗГ: Өгөгдөл, эрчим хүчийг эдийн засгийн шинэ боломж болгоно

Админ

2026.08.19
Үйл явдлын мэдээ

Монгол Ардын Намын дарга Н.Учралын тэргүүлж буй Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсын дижитал эдийн засаг, эрчим хүчний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, Өгөгдлийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болсон байна.

Өгөгдлийг Монгол Улсын эдийн засгийн шинэ нөөц хэмээн харж, олон улсын дата төвийн хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь Засгийн газрын бодлогын нэг хэсэг болж байна. Өгөгдлийн тухай хуулийн төсөлд Монгол Улсад өгөгдлийг хадгалах, хамгаалах, хил дамнасан өгөгдлийн урсгалыг зохицуулах асуудлууд тусгагдаж байгаа нь дата төвийн салбарыг хөгжүүлэх эрх зүйн суурь болох юм.

Засгийн газрын зүгээс Монгол Улс нар, салхины асар их нөөцтэй, өргөн уудам газар нутагтай зэрэг давуу талаа ашиглан ногоон дата төвийн олон улсын хөрөнгө оруулалтыг татах боломжтой гэж үзэж байна.

Дата төвийг зөвхөн мэдээлэл хадгалдаг технологийн байгууламж бус, эрчим хүчний томоохон хэрэглэгч гэж үзэх шаардлагатай. Тус салбарын нийт зардлын дийлэнх хэсгийг эрчим хүч эзэлдэг бөгөөд 24 цагийн турш тасралтгүй ажилладаг онцлогтой. Иймээс сэргээгдэх эрчим хүчийг уламжлалт эх үүсвэртэй хослуулан ашиглаж, найдвартай бөгөөд өрсөлдөхүйц үнэтэй цахилгааны эх үүсвэр бий болгосноор дата төвийн үйлчилгээг уул уурхайн бүтээгдэхүүнтэй адил экспортын орлогын шинэ эх үүсвэр болгох боломжтой гэж Засгийн газар тооцоолж байна.

Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний өртөг харьцангуй бага байгаа нь олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах гол хүчин зүйлүүдийн нэг болж байгаа. Тодруулбал, Монголын эрс тэс хүйтэн уур амьсгал ч дата төвийн хөргөлтийн зардлыг 40 хувиар бууруулах давуу талтай. Энэ нь эрчим хүчний зардал багатай хосолбол Монгол Улсын дата төвийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжтой аж.

Засгийн газрын зүгээс өгөгдөл, эрчим хүч, боловсролын технологийн шинэчлэлийг тус тусдаа бус, хоорондоо уялдсан хөгжлийн бодлого болгон хэрэгжүүлэхээр зорьж байна. Өгөгдлийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэр нь энэ чиглэлд олон улсын хөрөнгө оруулагчдад эрх зүйн орчин бүрдүүлэх, Монгол Улсыг дата төвийн бүс нутгийн шинэ зангилаа болгох зорилгын чухал алхам болох юм.

ЗГ: Өгөгдөл, эрчим хүчийг эдийн засгийн шинэ боломж болгоно | Монгол Ардын Нам